Хятадын хандлага өрнөдийн нүдээр

2017-11-07 16:33


       БНХАУ-ын Коммунист намын XIX их хурал 2017 оны аравдугаар сарын 18-25-ны хооронд үргэлжилсэн. Таван жил тутам хуралддаг энэ их хурлын шийдвэр Хятадын төдийгүй дэлхийн улс төр, нийгэм, эдийн засагт нөлөөлөхүйц үр дагавар авчирна хэмээн олон улс чих тавин хүлээж байлаа



 

       Хятадын улс төрийн амьдралд гарсан энэ чухал үйл явдлын үеэр тус улсын Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жиньпин XIX их хуралд тавьсан тайлан-илтгэлийг өрнөдийн ажиглагч нар янз бүрээр дүгнэж байгаа юм.


        Дэлхий дахины анхаарыг татаж байгаа зүйл нь тайланд дурьдсан даацтай тоо баримтууд байлаа. Тухайлбал, өнгөрсөн таван жилд Хятадын ДНБ 80 их наяд юаньд хүрч, дэлхийн эдийн засгийн өсөлтийн 30 гаруй хувийг биелүүлжээ. Мөн хот сууринд ажлын байрыг жил тутам 13 саяар нэмэгдүүлж, 60 гаруй сая иргэнийг ядуурлаас ангижируулсан гэдгийг тайланд онцолсон юм. Тодорхой судалгаа шинжилгээнд үндэслэн 2020 оноос хөгжлийн томоохон зорилт бүхий хоёр үе шатыг тодорхойлсон байна. Үүнд нэгдүгээр шат нь 2020-2035 он гэхэд чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулсны үндсэн дээр дахин 15 жил зарцуулж, социалист орчин үеийн байгуулалтыг үндсэнд нь биелүүлэх зорилт тавьжээ. Харин хоёр дахь шатанд 2035 оноос эхлэн энэ зууны дунд хүртэл 15 жил зарцуулах бөгөөд  “Хятад улсыг хүчирхэг, ардчилсан, соёл иргэншилт орон, эвсэг зохицонгуй, социолист, орчин үеийн, үзэсгэлэнт сайхан, хүчирхэг орон болгон бүтээн байгуулах болно” гэсэн зорилт дэвшүүлсэн байна.


        Юуны өмнө “Хятадын онцлогтой социализмын шинэ эрин үе” хэмээх үзэл баримтлалд өрнө дахин харьцангуй төвийг сахисан хандлагатай байгаа ч дэлхий дахинд эзлэх улс төр, эдийн засгийн байр сууриа тэргүүлэх хэмжээнд тунхаглаж байгаа нь АНУ-ын дэлхийд эзлэх байр суурийг үгүйсгэж байна гэж үзэх хандлага цөөнгүй.Ялангуяа дэлхий дахинд энх тайван тогтоох, хөгжлийн асуудал, уур амьсгалын өөрчлөлт зэрэгт тэргүүн зэргийн оролцоотой байх болно гэсэн нь Америкийн байр суурь ухарсан тэрхүү орон зайг эзлэхийг санаархсан хэрэг гэж зарим ажиглагчид дүгнэж байна.


        Ши Жиньпин хэлсэн үгэндээ бусад хөгжиж буй орнууд өөрсдийн тусгаар тогтнолоо хадгалахын зэрэгцээ хөгжлөө хурдасгах нэгэн шинэ гарцыг нээж өгч байгаа хэрэг хэмээн өөрийн орны хөгжлийн замналыг бүхэл бүтэн загвар болж чадна гэх агуулгаар дурьдсан байдаг. Харин Хятад улс Хонг Конг, Тайваны асуудалд салан тусгаарлахын эсрэг маш хатуу байр суурьтай байгаа нь тус улсын тогтвортой, бүр бүтэн байдалд нэн чухал эмзэг сэдэв хэвээр байгааг илтгэж байна хэмээн өрнөдийн ажиглагчид дүгнэж байна.


        Хятадын үүд хаалга дэлхий дахинд илүү өргөн нээлттэй болж байгаа төдийгүй тэргүүлэгч гүрэн, аугаа гэдэг утгыг Ши Жиньпин тайлан-илтгэлдээ олонтаа оруулж байв. Тухайлбал,  түүний энэхүү хүчтэй амбицыг өрнөдийн улс гүрнүүд болон Оросын зүгээс тийм ч шүүмжлэлтэй хандахгүй байгаа юм. Харин улс төрийн сүржин байр суурь, өөрсдийн чадамжаа тодорхойлж байгаа зэрэг нь эдийн засгийн бодит байдалтайгаа огт уялдахгүй байгааг илэрхийлж буй шинжээч ажиглагчид ч байна.


        Хамгийн их анхааран үзэж байгаа асуудал бол Хятад улс үнэхээр даргынх нь үгэнд дурьдсанчлан агуу их бүхнийг бүтээж чадсан уу үгүй юу, дэвшүүлэн тавьсан цаашдын зорилт нь үнэхээр тийм сүржин байж чадах эсэх дээр эргэлзэж байна.  Харин түүний тайлан хийгээд дэвшүүлсэн зорилтуудад эргэлзэхгүй байгаа зарим ажиглагч чухам Хятад орныг юу ингэтэл огцом хурдан амжилтад хүрэхэд түлхэц үзүүлэв гэдэг дээр гаргалгаа олохыг оролдож байна.


ХЯТАДЫН ЗОРИЛТ ТОМДСОН УУ?


        Ши Жиньпин хэлсэн үг болгондоо маш сүржин утгатай үгс хэрэглэхийн зэрэгцээ хэдийнэ дэлхийн тэргүүлэх улс гүрэн болсон мэт итгэлтэйгээр өгүүлж байсан нь Америкийн “Нэшнл ревью” сэтгүүлийн шүүмжлэгчийн гол бай болжээ. Хятадын ДНБ 80 их наяд юаньд хүрч дэлхийн эдийн засгийн өсөлтийн 30 гаруй хувийг биелүүлсэн гэж тайлагнаж байгаа нь Хятадын нийт ард түмэнд үнэнхүү бахархалт мэдээ мэт боловч энэ нь томоохон сөрөг талаа өнгөлөн далдалсан сүржин тайлан гэж “Нэшнл ревью”-гийн шүүмжлэгч дүгнээд байна. Тэрбээр шүүмждээ Хятадын эдийн засаг тэнцвэрт байдал ноцтойгоор ганхаад байгааг доорх жишээнүүдээр батлах оролдлого хийж байна. Хятад улсын баялгийн гуравны нэгийг хүн амынх нь ердөө ганц хувь эзэмшиж байгаа явдал хэтэрхий олон хүн маш хязгаарлагдмал боломжийн төлөө өрсөлдөхөд хүргэж байна. Мөн тус улсыг зөвхөн Бээжингийн бийлэгжүү байдал, хот газрын бүтээн байгуулалт, эрэг орчмын бүс, технологийн тэрбумтнууд, өндөр хурдны галт тэрэг, дэлхийг хамарсан худалдааны сүлжээ зэргээр л хараад дүгнээд байж болохгүй. Харин ч цаана нь ядуу зүдүү, дэлхий ертөнцөөс алслагдсан бөглүү байдалд аж төрж байгаа бүхэл бүтэн 500 сая хүний аж төрлийг хэрхэн сайжруулах тал дээр анхаарах ёстойг хэлээд байгаа юм. Эдийн засгийн үзүүлэлтийг өсөлт бууралтын ганц шугамаар харуулах нь цаана нь орлогын тэгш бус байдал хэдий хэмжээгээр далдлагдсан байгааг шууд хэлэх хэцүү. Хятадын эдийн засагт хийсэн зарим судалгаа тус улс дахь орлогын тэгш бус байдал маш их жин дарж байгааг баталдаг. Ши Жиньпиний хэлсэн үгэнд ч “тэнцвэргүй, тэгш бус хөгжил, тасралтгүй өсч буй хэрэгцээг хангах” зэрэг үгс дурьдагдаж байгаа нь дээрх байдлыг хэдийнэ хүлээн зөвшөөрч байгаа хэрэг хэмээн ажиглагчид дүгнэж байна.


        2020 он хүртэлх зорилтдоо амьжиргааны түвшнээс доогуур орлоготой бүх иргэдээ ядуурлаас гаргана гэсэн бол өрнөдийн зарим ажиглагчид үүнийг боломжгүй гэж харж байна. Учир нь Хятадын хүн амын дор хаяж гуравны нэг нь ядуу болон нэн ядуу байгаагийн зэрэгцээ ажиллах хүчнийх нь гуравны нэг болох 200 сая орчим хүн ажил хийхээр хот суурин газрууд руугаа нүүн шилжиж байгаа нь эдийн засгийн төдийгүй нийгмийн хүндхэн бэрхшээл үүсгэж байгаа гэж үзжээ. Америкийн хүн амын тооноос ч хальсан тэдгээр шилжин суурьшигсад хотын наад захын соёлд суралцаагүй, төлөвшил муутай, боловсролгүй хотынхон болж хувирч байгаа аж. Энэ явдал 2035 он гэхэд биелэгдэх зорилтыг боломжгүй гэдгийг харуулж байна гэж тэд үзэх байна. Хятадын Коммунист намаас гаргасан эдийн засгийн томоохон зорилтуудад тус улсын орлогын тэгш бус байдал, хүн амын хөгширч байгаа байдал гэх мэт томоохон асуудал чөдөр тушаа болох нь гарцаагүй гэж үзэж байна.

    Өнгөрсөн таван жилийн тайланд нь дурьдсан ажлын байрыг жил тутам 13 саяар нэмэгдүүлж 60 сая хүнийг ядуурлаас гаргасан гэдэг сүртэй дүгнэлт цаанаа энэ мэт асуудлуудыг халхавчилж байна гэжээ.


       Дор хаяж нийт ажиллах хүчнийхээ дөрөвний гурав нь дунд сургуулийн боловсрол ч эзэмшээгүй байгаа явдлыг шийдэж Хятадын эдийн засгийн өсөлтөд гол үүрэг гүйцэтгэх ажил орлоготой дундаж давхрагыг бүрдүүлж ядуурлаас бүрэн ангижирна гэдэг худлаа гэж үзэж байгаа шүүмжлэгч нар бий.


    Харин энэ асуудлыг эергээр харж байгаа ажиглагчдын хэлж байгаачлан Хятадын удирдагч хотын хөрөнгөтнүүдийг борддог гол зам болох авилгыг тас цохиход үргэлжлүүлэн анхаарч байгаа нь дээрх хүндрэлийг зохистой замаар шийдэх түүний аргуудын нэг гэж үзэж байна. Хэдийгээр ажиглагч, шүүмжлэгчид Хятадын нийт хүн амын багагүй хувь нь ядуу хэвээр гэж шүүмжилж байгаа боловч урьд өмнө байгаагүй арга замаар асар хурдацтай хөгжиж байгаа Хятадын гэх онцлогийг нь хүлээн зөвшөөрсөн өнгө аяс голлож байна. Тухайлбал, Москвагийн Улсын их сургуулийн профессорын дүгнэснээр “Хамгийн гол нь хүн байгалийн харилцан шүтэлцээтэй орших нөхцлийг хангах талаар зорилтдоо тусгасан төдийгүй нээлттэй бодлого баримталж байгаа гэдэг нь дэлхий нийтэд өгч байгаа гол мессеж” гэж үзжээ.


        Ямартай ч, ажиглагчид Хятад улсыг “Чимээгүй амжилт ологч”-оос “Идэвхитэй тоглогч”- ийн байр суурьт шилжжээ гэдгийг дуу нэгтэй хүлээн зөвшөөрөөд байна.


       Ши Жиньпиний байр суурь ирэх таван жилдээ төдийгүй түүнээс хойш ч хэвээр хадгалагдах магадлалтай гэж үзэх нь бий. Үүний шалтгаан нь тэрбээр хурлын төгсгөлд Намын төв хорооны таван шинэ гишүүнийг нийтэд танилцуулснаас бус хэн нэгнийг өөрийн залгамжлагч байхуйц хэмжээнд онцлоогүй хэмээн тайлбарлаж байна.

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.