МАН, МАХН-д ШИНЭ ФРАКЦ үүссэн долоо хоног

2018-03-18 10:13

 

Өнгөрч байгаа долоо хоногт улс төр, нийгэм, эдийн засагт өрнөсөн онцлох үйл явдлыг Эх сурвалж агентлаг тоймлон хүргэж байна. 

 

МАН-ын долоон гишүүн “Дэвшилтэт холбоо” байгуулав

Эрх баригч МАН-ын нэр бүхий гишүүд Дэвшилтэт холбоо нэртэй фракц байгуулж байгаа талаарх мэдээлэл гараад байсан юм. Тэгвэл Ж.Энхбаяр, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар, Н.Учрал, Л.Энхболд, Б.Энх-Амгалан нарын УИХ-ын долоон гишүүн нэгдэж МАН-ын Дэвшилтэт холбоог байгуулж, ажилдаа орцгоосон гэнэ. Энэхүү Дэвшилтэт холбоо нь авлигын эсрэг, шинэ засаглалын бодлогын төлөө, дэвшилтэт намын төлөө, ирэх 25 жилийн шинэ хөгжлийн төлөө гэсэн үндсэн зорилттой ажиллахаар бодлогоо боловсруулсан бөгөөд энэ талаараа ойрын үед олон нийтэд зарлахаар төлөвлөсөн гэх мэдээлэл ч байгаа билээ. Одоогоор албан ёсоор мэдээлэл гараагүй байгаа. Гэхдээ Н.Учрал гишүүн “Ямар нэгэн холбоо байгуулаагүй. Би элсээгүй” гэх байр суурийг илэрхийлээд байна. 


 

МАХН: Шинэ дээд үндсэн хуулиа батлуулах хүртлээ ажиллана 

 

МАХН-ын дүрэм, мөрийн хөтөлбөрт оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх тухай Н.Энхбаяр нарын хүсэлтийг Дээд шүүх 2018 оны гуравдугаар сарын 12-ны өдөр хэлэлцсэн юм. Гэвч Улсын дээд шүүх тус намын дүрэм, мөрийн хөтөлбөртөө оруулсан өөрчлөлт нь Улс төрийн намын тухай хууль болон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж, бүртгэхээс татгалзлаа. 
Мөн МАХН, Иргэний зориг ногоон нам, Монголын үндэсний ардчилсан нам, Монголын ногоон намын төлөөллүүд 2018 оны гуравдугаар сарын 14-ны өдөр “Шинэ дээд үндсэн хууль”-ийн төслийг дэмжих тунхаг бичигт гарын үсэг зурлаа. МАХН шинэ Дээд үндсэн хуулийн төслийг эрдэмтэн судлаачидтай хамтарч боловсруулжээ. Байгалийн баялгийг ард иргэдэд өмчлүүлэх, шударга шүүхийг тогтоох, улс төрийн намуудыг хариуцлагатай болгох, эрүүл мэндийн үйлчилгээг үнэгүй болгох зэрэг заалтыг Шинэ дээд үндсэн хуулийн төсөлдөө тусгасан талаар МАХН-ын дарга Н.Энхбаяр мэдээллээ. Н.Энхбаяр ярихдаа “Шинэ Дээд үндсэн хуулийг батлуулах ажил маань сайхан болвол Монгол хүн бүр төр засгаа өөрсдийн хүсэл эрмэлзлээр зохион байгуулдаг, эргээд төр засгийнхаа хамгаалалтад ордог, Монгол хүн эх орондоо эзэн болж амьдарч чадна” гэв.

 

Эрдэнэтийн 51 хувийн эргэн тойронд. АТГ-ын шалгалт үргэлжилж байна 

 

“Эрдэнэт” үйлдвэрийг “Стандарт” банкинд барьцаалсан асуудлаар АТГ сүүлийн өдрүүдэд ажиллаж байна. Энэ хэрэгтэй холбогдуулан “Жаст”-ын Ш.Батхүүд АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Энэ долоо хоногт Ш.Батхүүг баривчилж, цагдан хорьсон байна. АТГ-аас Ш.Батхүүг зээл авахдаа тухайн үеийн Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар, “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал Ч.Ганзориг, УБТЗ нийгэмлэгийн дарга Т.Очирхүү нарын гарын үсгийг дуурайлгасан эсэх, авсан мөнгөө юунд зарцуулсныг шалгаж байгаа юм. 
Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд, УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн ойрын дүү гэх IV Дулааны цахилгаан станцын С.Анхбаярыг саатуулж, АТГ-ын байцаагчид гэрт нь нэгжлэг хийсэн. Мөн Ерөнхий сайд асан С.Баяр АТГ-т байцаалт өгсөн бөгөөд нийслэлийн прокурорын газраас түүнийг яллагдагчаар татаж, хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байна. 
Тэгвэл энэ асуудалтай холбоотойгоор Засгийн газрын гишүүд нэг байр суурьт хүрч чадаагүй байна. Тухайлбал Д.Сумъяабазар сайд “Арбитрын шийдвэрийн дагуу төлбөрийг төлж, холбогдох хүмүүст хариуцлага тооцох ёстой” гэж байгаа бол ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар “Ш.Батхүүгийн тавьсан өр Ч.Ганзориг, Д.Сугар нарт хамаагүй” гэх утга бүхий яриаг сэтгүүлчдэд  өгөв. Ямартай одоогоор энэ хэрэг хэрхэн шийдэгдэх, Засгийн газар арбитрын шийдвэрийн дагуу Стандарт банкны өрийг төлөх эсэх нь тодорхойгүй л байна. 

 

Д.Трамп, Ким Жон ун нарын уулзалт Монголд болох уу?

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уны дээд түвшний уулзалт ирэх тавдугаар сард болхоор товлогдоод буй. Сөргөлдөгч хоёр талын харилцаанд “эргэлт” болж магадгүй энэ уулзалт Монголд болно гэх мэдээлэл олон улсын анхаарлын төвд байна. Одоогоор энэ хоёрын уулзалтыг зохион байгуулах газар үү хэл яг уулзана гэсэн баталгаа байхгүй байгаа. Харин   АНУ-БНАСАУ-ын дээд түвшний уулзалтыг Монгол Улсад зохион байгуулах бүрэн боломжтой хэмээн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд мэдээллээ.  З.Энхболд, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд О Сын Хо-той уулзах үеэрээ ийнхүү мэдээлсэн. 

Монгол улс БНАСАУ болон АНУ-тай найрсаг харилцаатай учраас тус улсуудын хооронд хийхээр яригдаж буй дээд түвшний уулзалтыг зохион байгуулах боломжтой юм. 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.