БНХАУ: Америкчууд Тайванийг ХӨЗӨР БОЛГОН ашиглаж байна

2018-03-27 17:09
Сингапур зэрэг холбоотнууддаа мөн F-35 сөнөөгч онгоц нийлүүлэхээр төлөвлөж буй


     Тайван улс руу F-35 сөнөөгч онгоц нийлүүлэх зөвшөөрлийг АНУ-ын Бүгд Найрамдах намын нөлөө бүхий хоёр сенатор ерөнхийлөгч Дональд Трампаас албан ёсоор хүссэн захидлыг өчигдөр /2018.03.26/ хүргүүлжээ. Ийнхүү зэвсэг нийлүүлснээр Тайваньд Хятадын зүгээс үзүүлж буй сүрдүүлгийн эсрэг, ардчиллыг тохинуулахад нэмэр болно хэмээн сенаторууд тайлбарласан тухай “Ройтерс” мэдээллээ.




     АНУ: Эдгээр сөнөөгч онгоц Тайвань орны батлан хамгаалал болон Хятадын зүгээс Ази-Номхон далайн бүс нутагт үзүүлдэг цэргийн хүчээр далайлгасан байр суурийн эсрэг шаардлагатай сөрөг хүчин болж чадна.


    Хятад улсын хувьд өөртөө засах арлын орон Тайвань хамгийн эмзэг сэдвүүдийн нэг юм. Тайваний ерөнхийлөгчөөр 2016 онд тус орны салан тусгаарлах бодлогыг дэмжигч Ардчилсан дэвшлийн намын лидер Цай Ин Вэн гэгч эмэгтэй сонгогдсон цагаас Хятадын зүгээс дайсагналцах хандлага улам хүчтэй болсон. 

    АНУ-ын Зэвсэгт хүчний хорооны тэргүүлэгч гишүүн, сенатор Жэймс Инхоф, Олонхийн бүлгийн ахлагчийн туслах, сенатор Жон Корнин нарын Дональд Трампд хандан илгээсэн уг захидалд “Эдгээр сөнөөгч онгоц Тайвань орны батлан хамгаалал болон Хятадын зүгээс Ази-Номхон далайн бүс нутагт үзүүлдэг цэргийн хүчээр далайлгасан байр суурийн эсрэг шаардлагатай сөрөг хүчин болж чадна. 1950 оноос хойш, ялангуяа сүүлийн жилүүдэд Хятад улсын зэвсэглэл шинэ шатанд гарсан цагаас Хятадууд Тайваний эсрэг цэрэглэх чадамжаа үргэлж харуулах болсон.... Таны дэмжлэгтэйгээр Тайвань оронд ардчиллыг хэвээр үлдээн, Хятад улстай цэргийн сөргөлдөөнгүй найрамдалт харилцаа үүсгэхэд нь туслах боломжтой юм” хэмээн дурьджээ. 

 

    Захидалд Цагаан ордон хараахан хариу өгөөгүй байна. Сөнөөгч онгоцнуудыг нийлүүлэх шийдвэр гарсан тохиолдолд асуудал улам хурцдах болно хэмээн “Ройтерс”-ийн мэдээлэлд дурьджээ.

 

    Учир нь Дональд Трампын энэ сард баталсан хууль болон АНУ-ын өндөр албан тушаалтнуудын Тайванд хийсэн айлчлал Хятадын талд таагүй хандлага үүсгэсэн.

 

    Хятадын талаас Хятад – Тайваний асуудал эрхэлсэн газрын дарга Лию Жэй И өчигдөр улсынхаа төв телевизэд өгсөн ярилцлагад “Америкчууд мэдээж хэрэг Тайвань орныг хөзөр болгон ашиглаж Хятад – Тайваний харилцааг эвдэхийг оролдож байна. Энэ бол үндэс угсаа нэгтэй Тайваньчуудын толгойг эргүүлж буй хэрэг. Гадны улс ийнхүү Тайванийг хөзөр болгон ашиглаж, Хятадын ард түмний эрх ашгийг хохирооно гэж байхгүй” гэлээ. Тэрээр энэ ярилцлагадаа АНУ-ын ямар нэг албан тушаалтныг нэрлэсэнгүй. 

 

    Дашрамд дурьдахад: Энэ оны нэгдүгээр сард АНУ-ын Батлан хамгаалахын нарийн бичгийн дарга Жим Маттис улсынхаа зэвсэгт хүчний Хятад, Орос улсуудын эсрэг баримтлах бодлогыг дэлгэсэн юм. Мөн АНУ-ын Ази-Номхон далайн бүс нутаг дахь Сингапур зэрэг холбоотнуудад радарт илэрдэггүй F-35 сөнөөгч онгоц нийлүүлэх талаар хэлэлцэж буй.

 

    АНУ-ын зэвсэг үйлдвэрлэлийн Lockheed компаниас 2017 онд улсынхаа батлан хамгаалалд 66 F-35 сөнөөгч нийлүүлэх зорилгоо биелүүлсэн тухай эх сурвалж дамжуулжээ.

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.