ТОЙМ: Ц.Нямдорж, АТГ-ын дарга, Элчин сайдуудыг тойрон УЛС ТӨРЖСӨН ДОЛОО ХОНОГ 

2018-04-29 12:43

 

    Монгол Улсын өдөр тутмын амьдралыг улс төрийн үйл явцад, улс төрчдийн хэрүүл маргаангүйгээр төсөөлөхийн аргагүй болж. Мэдээж сошиал орчинд од болж, олныг хошууруулагч нь улс төрчид байх. Тэр дундаа Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатрыг тойрсон мэдээллүүд мөн зарим Элчин сайдын асуудал энэ долоо хоногийн онцлох үйл явдал байлаа. 




   

    “Эх сурвалж” агентлаг өнгөрч буй долоо хоногт улс төрийн амьдралд өрнөсөн үйл явдлуудаас онцлох мэдээллийг тоймлон хүргэж байна. 

 


Цол хураах яахав ээ АМЛАЛТАА БИЕЛҮҮЛЭЭЧ, ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ!


 
    Энэ долоо хоногт Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж гурван генерал, хоёр уяачын цолыг хураав. Тодруулбал, гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдож, хорих ял шийтгүүлсэн Чимэддоржийн Амарболд, Пүрэвийн Даш нарт хүртээсэн “Хошууч генерал” цол, Тожооны Дашдэлэгт хүртээсэн “Бригадын генерал” цолыг тус тус хураалаа. Мөн Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр, төрийн байгууллагын тодорхой чиглэл, мэдэгдлийг үл хайхарч, хүүхдүүдийн амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулан, Дүнжингарав уралдааныг зохион байгуулсан гэх шалтгаанаар Монголын морин спорт, уяачдын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Дагвадоржийн Улсын тод манлай уяач цолыг, ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэнгийн Улсын манлай уяач цолыг тус тус хураасан. 


    Хэдийгээр гэмт хэрэг үйлдсэн генералууд, Засгийн газрын шийдвэрийг зөрчсөн уяачдын цолыг хураасан нь иргэдэд таалагдсан ч боловч эрхэм Ерөнхийлөгчөөс амлалтаа биелүүлэхийг шаардагсад цөөнгүй байна. Тэр дундаа оффшорчидтой тэмцэж, тэдний мөнгийг эргүүлэн татах чиглэлд анхаарал хандуулах мөн ардын амьдралыг дээшлүүлэх чиглэлд сонгуулиар өгсөн амлалтаа биелүүлэхийг сануулж байна. 

 


АТГ-ын ДАРГА болох хүн ХААНА байна?   
 

 

    АТГ-ын дарга, дэд даргад нэр дэвшигчийг иргэдийн саналаар тодруулахаао саналыг авч байна. Ерөнхийлөгчийн тамгийн газрын хуульчдын үзэж байгаагаар одоогийн дарга нь өмнөх даргын орон томилогдсон учраас үүрэгт хугацаа нь дууссан гэж үзэж байна. Тиймээс түүний орны хүнийг сонгохын тулд олон нийтээс санал авч байна гэж тайлбарлаж байна. Харин УИХ-ын зарим гишүүд уг үйлдлийг хууль зөрчсөн гэж дүгнэж байгаа. Санал асуулгын дүнд АТГ-ын дарга дэд даргад хамгийн олон нэр нь давтагдсан хүнийг Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-д санал оруулах бөгөөд Үүний дагуу хэнийг томилох нь УИХ-ын бүрэн эрх юм.


    Гэхдээ ард түмний сонгосон хүн үнэхээр АТГ-ын дарга болж чадах уу? гэдэг нв эргэлзээтэй. Одоогоор сошиал орчинд АТГ-ын дарга, дэд даргын суудлын СОНГУУЛЬТ АЖИЛ үргэлжиж байгаа бөгөөд тэдний дундаас олон улсын тоймч, сэтгүүлч Ш.Гантулга, Гал үндэстэн холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр, АТГ-ын олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан болон бусад этгээдийн нэрийг “сойж” байна. Мөн З.Энхболд, Б.Билэгт, Д.Дорлигжав нарын нэрийг олон нийт ярьж байгаа. Гэхдээ эд нараас Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав энэ албанд нэр дэвшихгүй гэдгээ аль эрт мэдэгдсэн бөгөөд эцсийн эцэст З.Энхболд АТГ-ын даргаар сууж, Г.Уянга дэд даргаар суух нь гэсэн таамаглалыг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дэвшүүлээд байгаа билээ. АТГ-ын даргад нэр дэвшигч нь хуулийн 21.1-т заасны дагуу төрийн албанд 15-аас  доошгүй жил ажилласан 45 нас хүртэлх эрхзүйч, мэргэжилтэй, мэргэжлийн ажлын мэдлэг туршлагатай, сүүлийн 5 жил улстөрийн албанд ажиллаж байгаагүй гэсэн шалгууртай байгаа юм. Тэгэхээр З.Энхболд, Г.Уянга нар нь хасагдах магадлалтай. 


    Эцэст нь, нэг юм л тов тодорхой байна. АТГ-ын дарга болчих жинхэнэ хүн ийм санал асуулгад хэзээ ч нэр дэвшихгүй нь. 

 


     Элчин сайдуудын ЭРГЭН ТОЙРОНД

 


    Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, Засгийн газраас Канад, Шведийн Вант Улс, Япон, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд нарын томилгоог хийх юм байна. Шинээр томилогдох Элчин сайд нарыг гадаад харилцааны салбарт ажилласан туршлагатай салбарын мэргэжилтэн байхаар тооцож, нэрсийг нь оруулсан гэх мэдээлэл өгч буй юм. 


-    Япон улсад суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар одоогийн Япон улсад суух Элчин сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Батжаргал,


-    Канад улсад суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Я.Ариунболд,


-    Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсад Элчин сайдаар Н.Тулгыг томилохоор санал оруулж байна. Н.Тулга нь С.Баярыг томилогдохоос өмнө буюу 2013-2016 онд тус улсад суух бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байсан бөгөөд одоо Гадаад харилцааны яамны Ази, Номхон далайн  орнуудын газрын зөвлөхөөр ажиллаж байгаа юм. 


-    Шведийн ванд улсад суух Элчин сайдаар Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газрын дарга О.Энхцэцэгийг томилохоор болжээ. 


    С.Баяр нь Элчин сайдаар ажиллаж байх хугацаандаа үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн бөгөөд одоогоор АТГ-аас түүнийг саатуулаад байгаа юм. Мөн Элчин сайд нараас  хамгийн их дуулиантай байгаа нь  БНСУ-д Элчин сайдаар суухаар нэр дэвшсэн Б.Хурц юм. Б.Хурцыг элчин сайдаар томилох саналыг БНСУ-ын талд илгээсэн боловч түүнийг зөвшөөрсөн хариу одоогоор ирээгүй байна. 

 


АН: Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар сайдын суудлаас ОГЦРОХ ЁСТОЙ 


 
    Сөрөг хүчин энэ долоо хоногт ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарыг огцруулахыг шаардлаа. Огцруулах шалтгааны тухайд... Ц.Нямдорж сайд сүүлийн 10 орчим  жил “Bella Vista” хотхонд Ш.Батхүүтэй хамаарал бүхий Г.Алтангийн мэдлийн байранд түрээ¬сийн төлбөр төлөлгүй амьдарч байгаа гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Энэ асуудлаар Үндсэн хуулийн Цэцээс АТГ-аар шалгуулах нь зүйтэй гэсэн хариу өгсөн.  Мөн түүнийг  УИХ-ын 2016 оны 69 дүгээр тогтоол, Засгийн газрын 2017 оны 38 дугаар тогтоолыг зөрчсөн хэмээн үзжээ. 


    Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын хувьд АТГ-т шалгагдаж байгаа. “Хотгор шанага”-ын уурхайг БНСУ-ын иргэдэд зарсан тухай асуудлыг нэг тийш нь болгох шаардлагатай. Мөн  Төсвийн тухай хуулийг зөрчиж, 110 гаруй тэрбум төгрөгийн төсвийн орлогын зохицуулалт хийгээгүй асуудлаар хууль зөрчсөн гэж үзжээ.  Ямартай ч ийм үндэслэлээр Засгийн газраас хоёр сайдыг “сугалах” талаар саналаа хүргүүлж, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн “гэмт хэрэг, авлигын асуудалд нэр холбогдсон хүмүүстэй хамтарч ажиллахгүй” гэсэн үгийг дахин санууллаа. Хоёр сайдаа буруутай гэж  үзэн, эргүүлэн татах саналаа УИХ-д өргөн барих эрх Ерөнхий сайдад байгаа. Гэхдээ АН-ын хэлснээр  огцруулах асуудлыг ярих нь юу л бол доо. Энэ нь цаанаа улс төрийн  шоу,  ямар нэгэн сануулга болсон  уу гэдгийг харах л үлдэж байна даа. 

 

 

Хуульзүйн сайд СЭТГҮҮЛЧДИЙГ ТАГНАСАН ГЭВ ҮҮ? 


 
    Цагдаагийн байгууллагын нэр бүхий албан тушаалтнууд Гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчиж, нэр бүхий сэтгүүлч хувь хүнийг тагнаж, чагнасан гэх асуудлыг Нийслэлийн прокурорын газар шалгаж байна. Тус хэргийг Нийслэлийн прокурорын газраас шалгаж байгаа бөгөөд хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэж Нийслэлийн прокурорын газрын олон нийттэй харилцах ажил хариуцсан хяналтын прокурор Г.Бясман мэдээллээ. 
 
    Эргэн сануулахад, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж өөрийнх талаар сурвалжилга бэлтгэсэн нэгэн телевизийн сэтгүүлчдийг болон тэдний ар гэрийнхнийг нь тагнуулж, чагнуулсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацсан. Энэ мэдээллийг цацсан сэтгүүлч УИХ-ын гишүүн Ц.Нямдорж сайд  болмогцоо ЦЕГ болон ЭЦА-ны удирдлагад үүрэг өгч нэр бүхий есөн сэтгүүлч, тэдний ар гэрийн 30 хүний мэдээллийг хууль бусаар олж аван тагнасан, түүгээр ч зогсохгүй нэгнийх нь автомашин руу буудаж айлган сүрдүүлсэн тухай ч нийтэлсэн юм. Улмаар энэ хэрэгт Тагнуулын Ерөнхий газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, цагдаагийн байгууллагын нэр бүхий албан тушаалтнуудыг яллагдагчаар татах саналыг Нийслэлийн прокурорын газарт ирүүлсэн байна.

 

    Тэгвэл өөртэй нь холбоотой дээрх мэдээллийн талаар УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж: “Би ямар ч сэтгүүлчийг тагнаж чагнах үүрэг өгөөгүй. Есөн сэтгүүлчийг тагнаж, чагнасан л гэнэ. Нэг сэтгүүлчийн машины дугуйг буудсан л гэнэ. Та нар намайг тагнадаг болохоос би сэтгүүлчдийг тагнаж байсан тохиолдол миний амьдралд байхгүй. Ер нь “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлыг гаргаж тавьснаас хойш намайг гүтгэх, айлган сүрдүүлэх явдал хэрээс хэтэрлээ” гэв. 

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.